Д.Энхтайван: Үндсэн хууль тусгаар тогтнолын баталгаа байх ёстой, Хууль зөрчсөн гэмт хэрэгтнүүд өөрсөддөө зориулж Өршөөлийн хуулийг дуртай үедээ гаргаж, хууль үйлчилдэггүй давхарга бий боллоо

нийтлэсэн Admin

Enkhtaivan-Ардчиллын 25 жилийн ой боллоо. Эрдэнэтийн ардчиллын алтан хараацай, анхдагчдын хувьд та энгэр цоолов уу?

-Үгүй дээ. Тэрийг чинь авахын тулд бас өөрийгөө магтаж, дээгүүр доогуур гүйж хөөцөлддөг юм биш үү. Надад тийм хүсэл алгаа. Харин ардчиллын 25 жилийн ойн тухайд 1990 онд би ганцаараа талбай дээр гараагүй юм. Ганц би биш, Монголын ард түмэн бүгдээрээ талбай дээр гарч жагсч, Сүхбаатарын талбайг дүүргэж байсан шүү дээ. Тэд юу хүссэн юм бэ, шударга ёсыг л хүссэн. Улс төрийн товчооны гишүүн хэдэн хүн, тэднийг тойрон хүрээлсэн нөхөд, танил тал тэд таатай тухтай амьдарч болж байсан болохоор бид, ард түмэн арын хаалгагүй амьдрал, шударга ёсыг л хүссэн.

Enkhtaivan11
-Одоо та нарын хүсч байсан ардчилсан нийгмийг байгуулж чадаж байна уу?
-1990 онд би бас бид нэг үгийг бодож байсан. “Ард-чилал”-ыг л хүссэн. Ард нэг хүн, ардчилал гэхээр гэхээр олон тоон дээр.  Ийм иргэний нийгэм байгуулна гэсэн үг. Ийм нийгэм байгуулахаар эхний тэргүүн ээлжинд шударга ёсыг хуулийн  хатуу хяналтан дор төрийн өмчийг хувьчлал явуулаагүйгээс, зөвхөн эрх мэдэлтэй хүмүүс шүүх прокурорын хамгаалалттайгаар төр, ард түмний өмчийг улаан цагаан дээрэмдсэн. Эхэлж дээрэмдчихээд дараа нь дээрэмчид маань өөрсөддөө зориулж өршөөлийн хууль гаргах замаар хулгайн аргаар хөрөнгөжснөө хууль ёсны болгох эртнээс боловсруулсан гадныхны туслалцаатай төлөвлөгөөг жирийн ардчилагчид бид мэдсэнгүй. Энэ бүхэн нь нийгэмд ямар хохирол авчирсан бэ. Дээдэс нь тэрбумаар хулгайлаад шоронд явдаггүй юм байна өршөөгдчихдөг юм байна гэсэн ойлгоц нийгэмд бий  болгочихоод  дараа нь   шоронжсон улс болчихлоо, одоо  өршөөлийн хууль гаргая гэдэг нь төлөвлөгөөтэй төр, ард түмний өмчийг дээрэмдсэн цөөн луйварчдын урьдаас боловсруулсан төлөвлөгөө хэрэгжиж байна гэж ойлгогдохоор болж орхилоо. Ийнхүү хууль үйлчилдэггүй давхаргынхан бий болсон. Энэ давхаргынхан ард түмнээс тэнгэр газар шиг зөрүүтэй байдал нь өдрөөр биш цаг минутаар ихэсч байна. Тэгээд улс төрийн хүчний баруун, зүүний үзэл утгаа алдаж, олон түмнээс өөрсдийгөө хамгаалах, хуулиас ангид олигархи бүлэглэлүүдэд үйлчлэх, эрх ашиг нь нэгтгэсэн. Ингэснээр  эдгээр улс төрийн хүчнүүднээс хараат прокурор, хуулийн байгууллага, улстөрчид, олигархуудад үйлчлэх бороохой болж хувирсан.
Улс орон ийм байдалд ороход олигарх гэмт хэрэгтнүүдэд үйлчилсэн прокурор, хуулийн байгууллага дахь хууль бус хэлхээ холбоотнуудтай хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой. Хууль завхруулж, дуулиант хэргүүдийг замхруулсных нь төлөө.
Нэгэнт төрийн өмч хөрөнгийг үгүй хийж, хууль бусаар хөрөнгөжиж хагартлаа баяжсан цөөн этгээд, нийт ард түмэн үгүйрэн хоосорсны дараа эдгээр хууль бусаар хөрөнгөжсөн дээрэмчдэд зориулж Өршөөлийн хууль гаргах, луйварддагаа луйвардаад хоосорчихсон дансыг шилтэй ч бай, шилгүй ч бай үзэгдэх юмгүй болсон хоосон дансыг шилэн болгоод ч яах юм.
Энэ улс орны хөрөнгийг дээрэмдсэн,  тоносон тухай, дуулиант хэргүүдийг хэрхэн замхруулсан хавтаст хэргүүдийг нийтэд ил болгох ёстой. Эдийн засгийн өршөөлийн хууль гарахад энэ хавтаст хэргүүд устана.Төрийн өмчийн хорооны хавтаст хэргүүдийг одоо ч амжиж устгаж байгаа. Тэрийг одоо хяналтад авах хэрэгтэй. Цагдаа, прокурор дээр буй дуулиант хэргийг устгана. Түүнээс өмнө хулгай хийж чадаагүй бол хохь нь.Та нар ядуу учраас. Одоо бид орд харш, олон дээрэмдсэн хөрөнгөө хуулийнхнаар хамгаалуулах, тайван амьдрах гэсэн заль мэх бас явж байна.
-Яагаад та бүхнийг элсний 13 гэж нэрлэсэн юм бол. Улс төрд муугийн жишээ болгон дурдагдах юм?
-Одоогоос 18 жилийн өмнө болсон явдал.  1996 онд одоогийн яриад байгаа мэргэжлийн засгийн газрыг байгуулсан юм Үүнд засгийн газрын бүтцэд Сангийн сайдаар П.Цагаан, Хууль зүйн сайдаар Амарсанаа, Боловсролын сайдаар Лхагважав, Үйлдвэр худалдааны сайдаар Нямсамбуу гэх мэтчлэн тухайн салбартаа туршлагатай, мэдлэгтэй гэсэн хүмүүсээр бүрдүүлсэн. Энэ засгийн газарт УИХ-ын гишүүн нэг ч байхгүй байна. Энэ этгээдүүдийг зайлуулъя, бид сонгогдож гарч ирчихээд сайд болохгүй байхдаа яадаг юм, сонгуульд ялагдсан, сонгогдоогүй юмнууд сайд болчихоод байна ш дээ, цөмөөрөө сайд болцгооё гээд бүгдээрээ уулгалан дайрч УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн хүн, сайд байна гэж өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх үед төр хяналтгүй болно, энэ огт болохгүй гэж УИХ-ын 13 тойргоос сонгогдсон 13 гишүүн эсэргүүцэн хурал хаяж гарсан юм аа. Ийнхүү элсний 13, хөдөөгийн 13, урвагч 13, эсэргүү 13 нэр хоч өгч, гутаан доромжлох бүх юмны буруутан байсан мэтээр үзэл суртлын компанит ажлыг олон жилийн турш зохион байгуулж, өөрийн намаас нэр дэвших, төрд ажиллах бүх эрхийг хориод жилийн турш хэлмэгдүүлж нухчин дарж ирсэн нь бодит үнэн. Бид чинь ерээд оны АН-ын Лоохууз, Сурмаажавууд байхгүй юу. Элсний 13 гээд биднийг олон жил даапаалсан. Барууны оронд 13 их муу ёрын тоо юм гэсэн. Чингэсийн монголчуудад хамгийн билэгдэлтэй тоо. Яагаад гэвэл эр хүний 13 мэх, азын 13 овоо гэдэг, Чингэс хаан 13-нд гол гол довтолгоонуудаа хийж, ялалт байгуулан яруу алдраа бадраасан. 13 дугаар зуунд монголчууд дэлхийг төвхнүүлж, суу алдраа бадрааж байсан. Барууныхны хувьд 13-ын тоо ялагдал сүйрэл, азгүйтлийн тоо байсан нь үнэн. Элсний гэгдэх бид эх орны 13 овог аймгийн төлөөлөл ч байсан байх. 13 гэдэг монголчуудад билэгдлийн тоо учраас би эвгүйрхдэггүй. О.Дашбалбар гишүүнийг хасвал цаана нь 62 хүн үлддэг. Ер нь 62-ын бүлэг тасралтгүй Монгол улсыг 25 жил удирдлаа. Ирээдүйд түүхэнд Элсний 13 гэдэг нэр Эх орны 13 гэж их түүхэнд бичигдэн үлдэнэ гэдэгт эргэлдэггүй юм аа.
-“Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ш.Отгонбилэгийг бас таныг огцруулсан гэдэг юм билээ?
-Би огцруулсан бол би л очно шүү дээ.  “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар хэн, хаанахын бүлэглэл очив. Хаалгыг нь хөшсөн хүн аль аймгийн, хэн билээ. Юм болгон ардаа эзэнтэй.
-Тээвэр хөгжлийн банкны асуудал юу болж байгаа вэ. Дуусдаггүй яриа гэдэг шиг болж, маргаан нь олон жил үргэлжилж байна даа.
-2010 онд одоогоос таван жилийн өмнө  Тээвэр хөгжлийн банкинд 6,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан асуудлаар 10 гаруй төрлийн санхүүгийн хэрэг маргааныг УМБГ-ын мөрдөн байцаагч Бэхбат гэдэг залуу шалгаад хэргийг шүүхэд шилжүүлчихсэн байсан. Гэтэл шалгах ёстой асуудлуудыг огт шалгахгүйгээр “хэлбэрдээд формалдаад” гэдэг юм уу, Нийслэлийн прокурорын Мижиддорж хэргийг шалгаж, Швейцарийн иргэн Арменийг хилээр үл нэвтрүүлэх шийдвэр гарган шалгах гэж байтал 2 цагийн дотор дээрээс нь болиулаад, яг тэр мөчид Армен 4,2 тэрбумын хувьцаагаа “Оюуны Ундраа” компанид үнэ төлбөргүй, хуурамч худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлчихээд “Би төлбөр барагдсанд тооцлоо” гэсэн бичиг хийж өгчихөөд, Монголын харилцагч, хадгаламж эзэмшигчдийн 15 тэрбум төгрөгийг гадагш нь зувчуулчихаад алга болсон.  Новожиловыг хилээр зохион байгуулалттай оргуулсан, хил гаалийнхан хэрхэн оролцсон, хариуцаж байсан прокурор нь хууль зөрчиж хугацаанаас нь өмнө батлан даалтад гаргасан зэрэг олон асуудлыг шалгуулахаар прокурорт ханддаг боловч “Оюуны Ундраа” компани худалдах, худалдан авах гэрээ, хүчингүй болсон гэрчилгээ ашиглан Армений нэрээр хувьцааг болон эд зүйлийг авахаар прокурор шүүхийнхий тусламжтайгаар гадаадад байгаа ТХБ-ны дансан дахь мөнгө, банкинд хохирол учруулж зувчуулсан Армен, Новожилов нарын мөнгийг авахад шүүх прокурорынхон илтэд саад учруулсаар л байна. Арбитрын шүүх дөрвөн жилийн өмнө Армен, Оюуны Ундраа нарыг хууль зөрчсөн гэм буруутайг тогтоосон боловч Арбитрын шүүхийн хэрэгжилтэнд нутгархах, намчирхах үзэл дээр суурилагдсан УЕП-ын нөлөө бүхий этгээдүүд илтэд саад хийн Дэлхийд Нью Йоркийн конвенцоор дэлхийн 120 оронд хэрэгжих ёстой Арбитрийн хүчин төгөлдөр шийдвэрийг тухайн улсын прокурорын байгууллагаар дамжуулан шийдвэрлүүлэх ёстой боловч прокурорын байгууллага дахь авлигын гэмт хэргийг олон арван жил хаацайлсаар ирсэн зохион байгуулалттай бүлэглэл саад хийсээр ирлээ. Ер нь Монголын ард түмний 15 тэрбум төгрөгийг гадагш нь зувчуулсан, 20 орчим сая долларын мөнгө угаасан, 10 орчим тэрбум төгрөгийн чирэгдэл учруулсан эдийн засгийн, авлигын энэ том гэмт хэргийг прокурор шүүхийн байгууллага дахь авлигын бүлэглэл зохион байгуулснаас өөр хэн нэгнийг хардах боломжгүй мэт итгэл үнэмшил төрж байх юм. Монгол улсын хуулийн байгууллагын мянга мянган шударга туршлагатай хуульчид надтай санал нэг байдаг. Ганц манай энэ асуудал ч биш Монголын төрийг цөлмөсөн эдийн засгийн олон зуун тэрбумын илрүүлчихсэн гэмт хэргүүдийг нутгарах үзэл дээр суурилсан улстөрч, олигархуудаар хамгаалуулсан прокурор шүүхийн байгууллага хэргийг удаашруулан замхруулах төлөвлөгөөнийнхөө дагуу замхруулж УИХ дахь тэдгээрийн гар хөл бологчид захиалгаар эдийн засгийн өршөөлийн хууль гаргаж эрүүгийн хэргийн архив дахь эх орныг дээрэмдсэн дээрэмчдийн дийлэх архивыг устгах ажил үе шаттайгаар эдийн засгийн өршөөлийн хуулиар эхэлж байна. Эх орныг чинь сүйрүүлэх төлөвлөгөө сүүлийн шат руугаа орлоо. Хууль, прокурорын байгууллага дахь хууль зөрчих, дураараа авирлах асуудал дэлбэртлээ даамжирсан ардчиллын үнэт зүйл болох шударга ёс, Үндсэн хуулиар хамгаалагдсан тусгаар тогтнолустаж үгүй болох, золиослогдох ёсгүй.  Иргэдээ сонор сэрэмжтэй байцгаа.

 

Эх сурвалж :  http://www.shuurhai.mn/73183

2015-01-13

Нийтлэсэн: Админ

Сэтгэгдэл үлдээх