Хонгконгийн жагсагчид цагдаа нартай мөргөлдөв

Ардчилалын төлөө олон сар гудамжинд жагсан тэмцэж буй олон мянган хонгконгчууд арванхоёрдугаар сарыг цагдаа нартай мөргөлдсөнөөр эхлүүлж байна. Олон мянган жагсагчид даваа гаригийн өглөө /XII.1/ Хонгконгийн засаг захиргааны байрыг бүслэн, цагдаа нартай мөргөлдөв. Цагдаа нарын гол зэвсэг перцтэй цацлага, нулимс асгаруулагчны эсрэг жагсагчид ардчилсан хувьсгалын бэлэгдэл болох шүхрээ агсчээ. Мөргөлдөөний улмаас олон хүн гэмтэж бэртэн, баривчлагдсан гэх боловч тодорхой мэдээлэл ирээгүй байна. Хонгконгод өнгөрсөн хоёр сар хоёр сарын хугацаанд цагдаа нар, жагсагчдын хооронд хэд хэдэн удаа мөргөлдөөн гарсан ч энэ удаагийнх шиг ширүүн байгаагүй юм.

Хонгконгийн цагдаа нар өнгөрсөн долоо хоногт шүүхийн шийдвэр гүйцэтгэгчидтэй хамтран Монгкок дүүргээс хаалт хашлагыг зайлуулсан билээ. Энэ үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч, 100 гаруй хүнийг баривчилсны дунд оюутны лидерүүд байв. Хонгконгийн оюутны лидерүүдийг хожим нь Монгкок дүүрэгт хөл тавихгүй байх болзолтойгоор сулласан аж.

Хонгконгчууд Хятадаас хараат бусаар удирдлагаа сонгохыг хүсч, сонгуулийн бүрэн эрхийг шаардаж байгаа юм. Харин Хятадын зүгээс ирэх 2017 оны Хонгконгийн Ерөнхийлөн захирагчид нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах болзол тавьсан билээ.  Хонгконг нь “нэг улс, хоёр систем” бодлогын дор Хятадын удирдлага, хараа хяналтанд оршдог юм.

 

 

Эх сурвалж: News.mn

Нийтлэсэн: Админ

Сэтгэгдэл үлдээх