Т.Санчир: Бидэнд боломж байна гэдгийг харуулах болно

21747_610_350
Монголд багийн спорт хөгжиж байна. Үүний нэг илрэл манай тамирчид мэргэжлийн зах зээлд хөл тавьж буй явдал юм. Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын эхлүүлсэн энэхүү замналыг хөлбөмбөгт А.Мөрөн, сагсан бөмбөгт Т.Санчир нар үргэлжлүүлж байна. А.Мөрөн бол Монголын хөлбөмбөгчдөөс мэргэжлийн лигт тоглохоор болсон анхны тамирчин. Харин Т.Санчир сагсчидаас хоёр дахь нь. Гэхдээ тэр Азийн хамгийн дээд төвшний лиг болох Филиппиний лигт тоглох болсон гэдгээрээ онцлогтой. Лигтээ нэг бус удаа түрүүлж байсан “Ginebra Kings” багтай гэрээ байгуулсан нь тохиолдлынх биш юм.

Өчигдөр Филиппиний зүг хүлгийн жолоо залсан түүнтэй хол замд гарахын өмнө уулзаж, ярилцлаа.


-Юун түрүүнд баяр хүргэе. Сагсан бөмбөг сонирхогчдод гэнэтийн мэдээ байлаа шүү. Олон хүн итгэж ядаад л?

-Баярлалаа. Гэнэт олон нийтэд зарласан нь эргэлзэхэд хүргэсэн байж магадгүй. Гэхдээ энэ бол үнэн. Ер нь бол Азийн наадмын дараа хэд хэдэн багаас санал ирсэн гэж ярьж байсныг та мэдэж байгаа байх. Түүнээс хойш багагүй судалгаа хийж, их ч зүйлийг бодсон. Эцэст нь Филиппиний лигт тоглох сонголт хийсэн. Энэ лигт европ болон америк тоглогч их байдаг юм билээ. Харин ази тоглогч тун цөөхөн. Магадгүй би бараг анхных нь ч байж мэднэ.

-Хэзээ явах билээ?

-Энэ сарын 8-нд явна. Явах гээд бэлтгэлээ базаагаад л байж байна.

-Мэргэжлийн лигт тоглох гэрээ байгууллаа гэсэн мэдээллийн дараа янз бүрийн л яриа гарч байна. Энэ талаар?

-Хэн, юу ярих нь надад хамаагүй. Хамгийн гол нь би өөрийнхөө карьерт нэг шат ахилаа гэж бодож байгаа. Олон хүний туслалцаа, дэмжлэгээр мэргэжлийн лигт тоглох болоод байна.

-Гэрээний тухай товч мэдээлэл өгч болох уу?

-Нэг улирал тоглоно. Филиппин нь гурван төрлийн лигтэй юм билээ. Миний тоглох “Goveners cup” нь тавдугаар сар эхлээд наймдугаар сард дуусна. Нэг улирал тоглох гэрээ байгуулсан.

-Шараваа ах 3000 гаруй ам.долларын гэрээ байгуулж байсан юм билээ. Харин таны цалингийн хувьд?

-Энэ тухай нарийвчилсан зүйл яримааргүй байна. Гэрээ нь тун боломжийн. Ямар ч байсан харамсахааргүй гэдгийг л хэлье.

-Нэг улирал гэхээр гурван сар тоглоод л ирэх юм уу. Эсвэл гэрээгээ сунгах уу?

-Эхний ээлжинд нэг улиралд тоглож үзнэ. Тэгээд хоёр тал тохиролцож чадвал гэрээ сунгах боломжтой. Одоохондоо дөнгөж эхэлж байгаа учраас энэ талаар ярих боломж алга. Цаашид яахыг цаг хугацаа л харуулна даа.

-Ганцаараа явах уу, эсвэл?

-Бодсон юм алга. Шийдэж ядаад л байна.

-Шинэ багийнхаа гишүүдтэй ойлголцоход хэр хугацаа шаардах бол?

-Сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрийн зүгээс шалтгаалах бүх боломжоо ашиглана. Энэ бол надад олдож байгаа нэг боломж. Өөрийгөө нээж харуулахыг хүсч байна. Монголын сагсчид ямар чадвартай болохыг харуулах зорилготой явж байгаа. Очоод сар гаруйн хугацаад хамт бэлтгэл хийх учраас гайгүй байх.

-Гадагшаа явж байгаа тамирчид хэлний бэрхшээлтэй тулгардаг. Энэ асуудлаа яаж шийдвэрлэх вэ?

-Тийм ээ, манай тамирчдын хувьд хамгийн том асуудал нь хэлний бэрхшээл байдаг. Аль оронд олон улсын хэл гэж байдаг. Тэр нь англи хэл болдог. Тэгэхээр ойлголцож болох байх аа. Энэ тал дээр нэг их санаа зовохгүй байгаа.

-Мэдээж тодорхой зорилго байгаа биз?

-Тэгэлгүй яах вэ. Гаднын мэргэжлийн лигт тоглох тамирчдаар надаар дуусахгүй. Манайд олон авьяаслаг тоглогч бий. Тэдний замыг нээж өгөхийг хүсч байна. Хүн хүсэл зорилгодоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөх ёстой. Тиймээс өөрөө сайн зүтгэ, хичээ. Тэгвэл бидний өмнө гарц байна. Монголын сагсчид гаднын спортын зах зээлийн өрсөлдөөнд оролцох боломж бий гэдгийг харуулахыг хүссэн.

-Хэд хэдэн лигийн багаас санал ирсэн тухай дээр дурдсан. Тодруулбал, яг ямар багаас?

-Ямар ч байсан 3-4 баг надад санал тавьсан. Гэхдээ ихэнх нь санал төдий л байсан. Бодитой ажил хэрэг болгож чадаагүй.

-“Шонхрууд”-д хүчин зүтгэсэн ч плей-оффийн эхний шатнаас хэтэрч чадсангүй. Үүнд юу нөлөөлөв?

-Миний бодлоор манайх залуу баг. Тэр утгаараа бага зэрэг туршлага дутсан тал бий. Түүнээс биш ур чадварын хувьд манай залуус бусдаас нэг их дутаагүй. Бүгд оюутны универсиад наадам болон олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцож байсан ур чадвараар гологдохгүй. Гол нь туршлага дутлаа.

-Өнгөрсөн онд болсон Азийн наадмаас хойш та бараг ярилцлага өгөөгүй юм байна. Инчёны наадмын дараагаас хойш Монголын сагсан бөмбөгт багагүй өөрчлөлт орох шиг боллоо. Та ямар бодолтой явдаг вэ?

-Үнэхээр Азийн наадмын дараа Монголын сагсан бөмбөг нэг шат ахисан. Ялангуяа залуучууд сагсан бөмбөгийн спортыг ихээр сонирхдог болсон. Инчёнд биднийг амжилт үзүүлэхэд нөлөөлсөн хүчин зүйл олон бий. Сагсан бөмбөг цаашид илүү эрчимтэй хөгжинө гэдэгт би итгэл төгс явдаг. Азийн наадмын тоглолтын дараа монголчууд маань ордны гадаа биднийг хүлээгээд л зогсч байсан. Хожсон ч, хожигдсон ч бидэнд маш их дэм өгсөн дөө. Надад болон манай багийнханд маш сайхан дурсамжийг үлдээж чадсан. Бид хожигдсон ч монголчуудаасаа урмын үг сонсоод сэтгэлийн хангалуун байсан шүү, тэр үед.

-Манай сагсан бөмбөг­чид Азийн багуудтай өрсөл­дөхөд нуруу намдаад байгаа харагддаг. Хэрэв хоёр метрээс дээш өндөртэй нэгээс хоёр төвийн тоглогчтой болбол тивдээ дээгүүр өрсөлдөх боломжтой юм шиг санагддаг?

-Санал нэг байна. Манайхан бусад орны сагсан бөмбөгчдөөс хоёр л зүйлээр дутуу. Нэгдүгээрт, байнгын бэлтгэл. Бид байнга бэлтгэл хийж чаддаггүй. Бүгд сагсан бөмбөгийн спортоор хичээллэхийн хажуугаар ажил хийдэг. Хоёрдугаарт, нуруугаар яалт ч үгүй намдаж байна. Азийн наадмын үеэр харсан байх. Азийн наадамд тоглосон багуудад бид самбарт илт дээрэлхүүлсэн. Түүнээс биш ур чадвараар дутах зүйл байгаагүй. Хятадын шигшээ багт гэхэд хоёр метрээс дээш өндөртэй 6-7 тоглогч байх жишээтэй. Бараг хамгаалагчийн байрлалд тоглодог тоглогч нь манай Б.Билгүүнтэй адилхан өндөртэй байсан. Хэрэв хоёр метрээс дээш өндөртэй хоёр легионер төвийн тоглогчтой болбол Азийн том багуудтай тэнцүүхэн өрсөлдөх боломжтой. Хятадаас бусад Азийн орон ихэнх нь легионер тоглогчтой болсон байна билээ.

-Легионер гэснээс сүүлийн үед америк тоглогчид манай лигт олноор тоглох болсон.Энэ нь манай шигшээ багийн амжилтад нөлөөлсөн үү?

-“Үндэсний супер лиг”-т америк легионер тоглогч олноор тоглох болсон нь манай сагсан бөмбөгчдийн амжилтад том түлхэц болсон. Легионерууд Монголын лигт 2011 оноос хойш ирснээр манай сагсчдын ур чадвар үнэхээр дээшилсэн. Сая л гэхэд БНСУ-ын легионер тоглогчийн эсрэг хэрхэн яаж тоглох аргаа бид мэддэг болчихсон байх жишээтэй.

-Ингэхэд та анх хэдэн оноос лигт тоглосон юм бэ?

-2007 оноос лигт тоглосон. Тэгээд өнгөрсөн улиралд анх удаа лигийн аварга болж байлаа. Олон жил сагсан бөмбөгөөр хичээллэсний үр дүнд лигийн аварга болно гэдэг сайхан мэдрэмж төрүүлсэн.

-Анх лигт тоглоход ямар байв?

-Намайг анх лигт тоглодог жил манай ХҮДС-ийн “Ёлууд” баг тун хүчирхэг байсан. Аваргын төлөө “Харцага” баг­тай өрсөлдөж мөнгөн медаль хүртэж байлаа. Лигт тоглоход дээд лиг, оюутны лигийн хооронд асар их ялгаа байдгийг мэдэрч, бэлтгэлээ улам сайн хийх ёстойг ойлгосон. Хоёр дахь жилээсээ лигт үндсэн бүрэлдэхүүнд гардаг болсноор бэлтгэлийг илүү үр дүнтэй хийдэг болсон.

-Сэтгэлээс гардаггүй тоглолтоо нэрлэхгүй юу?

-2013 оны “Универсиад” наадамд Японы багтай хийсэн тоглолт сэтгэлд тод үлдсэн. Дөрөвдүгээр үе өндөр­лөхөөс есөн секундийн өмнө оноо 72:72 болж тэнцсэн байлаа. Бид сүүлчийн довтолгоог хийх эрхтэй. Би цаг дуусахтай зэрэгцэн холын зайн шидэлтээ амжилттай болгосноор манай баг шөвгийн 16-д шалгарч билээ. Тэр тоглолт санаанаас гардаггүй. Казаньд манайхан БНСУ-ын шигшээ багийн хамт Азиас шөвгийн 16-д шалгарч байсан юм.

-Шигшээ багийн тоглогч­доос хэнтэй сайн ойлголцдог вэ?

-Нэг зорилгын төлөө зүтгэж байгаа болохоор бүгдтэй нь ойлголцохыг хичээдэг. Гэхдээ Б.Билгүүнтэй илүү сайн ойлголцдог юм болов уу.

-Тамирчид хамгийн завгүй хүний тоонд багтдаг. Та чөлөөт цаг гарвал юу хийдэг вэ?

-Аль болох гэр бүлтэйгээ өнгөрөөхийг хүснэ. Бас спортоор хичээллэх дуртай. Усанд сэлнэ, найзуудтайгаа хамт кибер спорт тоглоно. Бас гитар сайн тоглодоггүй ч оролдоно.

-Таныг багадаа чөлөөт бөхөөр хичээллэж байсан гэж сонссон?

-Гуравдугаар ангид байхдаа гавьяат тамирчин Д.Оюунболд агсны “Хангай” клубт жил гаруй хичээллэсэн. Тухайн үед манай секцэнд Д.Лхагвадорж, Б.Батзориг, ихэр Д.Гомбодорж, Д.Түгждорж, Ц.Оюун­болд, С.Ган­баяр гээд мундаг тамир­чид хичээллэдэг байлаа.

-Тэгээд ямар амжилт үзүүлэв. Хэр олон тэмцээнд оролцсон бэ?

-Олон тэмцээнд оролцоогүй. Олимпийн аварга Жон Петер­соны нэрэмжит өсвөр үеийн тэмцээнд 52 кг-ын жинд барилдаж, нэг ялж байлаа. Өндөр, туранхай хүүхэд байсан. Тухайн үед манай жингийнхэн надаас тав, зургаан насаар ах хүүхдүүд байсан.

Б.МӨНХЗУЛ

ЭХ СУРВАЛЖ: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” СОНИН21747_610_350

Нийтлэсэн: Админ

1 Comments

Сэтгэгдэл үлдээх