14 хүний амийг залгисан Ми-8 нисдэг тэрэгний үнэн түүх

Ил Товчоо: Ерөнхий сайд ба операциуд

Интерполын шугамаар энэ хэргийн учир начрыг нарийн шалгаж өгөхийг Баатар генерал ЦЕГ-ын дарга генерал Пүрэвээс хүссэн боловч тэрбээр энэ хэргийг тас нуухаар шийджээ. Үүнийг бичигч «50,000 доллар буюу Осми-858» гэж нэрлэж болно. Энэ хэргийн тухай Пүрэв генералаас лавлахад тэрбээр «Ийм юм би дуулаагүй юм байна. Би мэдэхгүй. Манайх шалгаагүй» гэж хэлсэн. ЦЕГ өөрөө УМУ-ны нууц операци явуулчихсан болохоор аргагүй биз. Магадгүй Монгол банк барьцна гэж эмээсэн ч байж  болно. «УМУ», «Осми»-ын нууц «операци»-ийн хэргүүд хэзээ нэгэнтээ задрах нь тодорхой. Гэвч маш нууцад нь хүрнэ гэдэг бүүрч бэрх…..

«МИ-8»-ЫН «ШУУГИАН» «Эрүү үүсгээд хэрэггүй. Онгоцыг нь буцаагаад өгчих»

/Ерөнхий сайд П.Жасрай/

…1993 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 02 цаг 52 минутад нэгэн Ми-8 онгоц манай улсын дархан хилийг зөрчин орж ирээд 4 цаг 04 минутад Буянт-Ухаагийн нисэх буудал дээр буухад МИАТ-ын нислэгийн албаныхан ихэд мэгдэн сандарч даруй УАБХЕГ-т мэдэгджээ. Уул нисдэг тэргийг жолоодож ирсэн нисгэгчид нь яаран сандран нутаг буцацгаасан учир нэгэн эзэнгүй хэрэг буюу «МИ-8» онгоцны хэрэг үүсчээ. Уншигч авгай таны өмнө энэхүү хэргийн -«1993 оны 06 дугаар сарын 23-ны өдөр АН-24, АФЛ-153031, дугаарын нислэг 01.30 (ист) Улаан-Үд-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн дагуу хойд хилийн Серна гэдэг цэгээр 02 цаг 52 минутад 3300 метрийн өндөртэйгээр нэгэн нисдэг тэрэг хил зөрчин орж ирж, Улаанбаатарт 04 цаг 04 минутад буусан. Энэ онгоцныхон олон улсын нислэгийн журам болон манай улсын дархан хилийг зөрчин орж ирснийхээ дараагаар хил дотор хэдийн орж ирсэн хойноо өөр онгоцоор дамжуулан холбоо барьсан. Буянт- Ухаад буухад нь л бид нисдэг тэрэг болохыг  мэдсэн….>>

(МИАТ-ын нислэгийн албанаас ирүүлсэн тодорхойлолтоос)

Эл МИ-8 онгоцыг буухынх нь өмнө холбоо барихад манай нисэхийн Улаан- Үд- Улаанбаатар, Улаанбаатар- Улаан- Үд гэсэн нислэгийн зөвшөөрөл авсан АН-24 онгоц гэж боджээ. Гэтэл хаанахын ямар зорилгоор орж байгаа нь мэдэгдэхгүй нэгэн МИ-8 онгоц хил зөрчин ороод иржээ. Харин мөнөөх захиалгат АН-24 энэ өдөр нислэг хийгээгүй ажээ.

МИ-8 ….№2700 хэмээсэн энэ онгоцыг

Шляхов В.А- онгоцны дарга

Горячкин В.К- нисэгч

Бадиев А.А- нисэгч

Павлов С.Л- нисэгч

Жигжитов С.- нисэгч

Иванов В.-авиомеханик…. нарын зургаан хүн оруулж иржээ. Мөн өөр нэг сураг сонсоход энэ онгоцонд монгол хүн явсан гэж хэлцэх ажээ. Үнэн, худлыг бүү мэд ямарч байсан улсын дархан хилийг ямар зорилгоор оруулж ирснийг нь тогтоох нь чухал байлаа. Ийн УАБХЕГ-ын ажилтнууд МИ-8 онгоцны эзэнгүй хэргийг мөрдөн, эзнийг нь тогтоожээ. Тэр хүн бол « Оюуны унд­раа» компаний захирал С.Отгонбаяр байв.

Харин энэ онгоцыг Оросын талаас Буриадын «Годли» пүүс оруулж ирсэн аж. Онгоц саатуулагдсаны дараа «Годли» фермийн орлогч захирал Борис Гомбоев гэгч хүн 6 сард Улаанбаатарт ирж, «Оюуны ундраа» компаниас онгоцны төлбөр нэхжээ. «Оюуны ундраа» компаний талаар мэдэгдэхдээ «манайх одоохондоо санхүүгийн хувьд бэрхшээлтэй байна. Төлбөрөө түр хойшлуулж өгнө үү гэж тус фермийн захирал Баявновт хүсчээ. Энэ хэргийг шалгаж байх явцад жигтэй явдал болжээ. Нэгэн өдөр ерөнхий сайд “Жасрай УАБХЕГ-ын дарга Баатарт «эдэнд эрүү үүсгээд хэрэггүй, онгоцыг нь буцаагаад өгчих. Хэдэн залуус л бизнес хийх гэж байгаа юм.» гэж лүндэн буулгажээ.

Улсын дархан хил зөрчиж ямар зорилгоор орж ирсэн, эзэн нь хэн ч гэдэг нь тодорхой мэдэгдэхгүй байхад онгоцны төлөө ерөнхий сайд маань яагаад аанай л санаа зовних болов?

УАБХЕГ-ын мөрдөөд эзнийг нь арайхийн тогтоож хэрэг бүрдэл болоогүй байхад эл онгоцны талаар ерөнхий сайд яаран дааран «эрүү үүсгээд» хэрэггүй гэж хэлсэн ямар учиртай юм бол! Үүнийг цааш нь өгүүлж өгүүлэхэд Годли фермийн орлогч захирал Гомбоев саяхан Улаанбаатарт төлбөр хийхээр дахин ирэхдээ доорхи гэрээг авчирч улсын мөрдөн байцаах газарт өгчээ.

Түүнийг сийрүүлбээс:

Гэрээ №Х сг721282 93V

1993.06.09                                                                                                        Улаан- Үд хот

Цаашид… «худалдагч» гэж нэрлэгдэх Буриад улсын Улаан- Үд хотын хувь нийлүүлсэн «Годли» нийгэмлэг нэг талаас, нөгөө талаас цаашид «худалдан авагч» гэж нэрлэгдэх монгол улсын «Оюуны ундраа» компани доорхи зүйлийн тохиролцоонд хүрч, уг гэрээг байгуулав.

Гэрээний утга:

  1. Монгол улс, ОХУ-ын франко хилийн болзолд тулгуурлан, уг гэрээний салшгүй хэсэг болох 1- р хавсралтанд заасны дагуу худалдагч нь зарж, худалдан авагч нь МИ-8 нисдэг тэргийг худалдан авна.

Гэрээний үнэ, нийт хэмжээ:

Уг гэрээний 1- р хавсралтанд заасны дагуу Монгол-ОХУ-ыг франко хилийн тутамд барааны үнийг АНУ-ын доллараар тогтооно. Уг гэрээний үнийн нийт хэмжээ нь 850000 ам.доллар болно… …

Барааны хүлээн авагч нь Монгол улсын «Оюуны ундраа» компани.

«Оюуны ундраа» компани

С.Отгонбаяр тамга, гарын үсэг

«Годли» компани

В. Баяминов тамга, гарын үсэг

(гэрээг товчлов)

Үүнээс үзэхэд «Оюуны ундраа» компани ямар нэг гэрээ хийгээгүй биш хийсэн, худалдаж авахаар тохироогүй биш, тохирсон  нь тодорхой.

Хамгийн хачирхалтай нь энэ хэргийг үүсгэн шалгахад МИАТ, энэхүү нисдэг тэргийг өөрийн болгох гэж их л чармайж байгаа аж. Гэвч ЦЕГ-ийн дарга генерал Пүрэвээ эл нисдэг тэргийг хилийн цэрэгт шилжүүлбэл зүгээр хэмээн зөвлөгөө өгчээ.

«МИ-8» онгоцны хэрэг хэрүүл шуугиан тарьсаар… МИ-8 онгоцны хэрэг хэрхэн шийдэгдэх бол» гэдэг л хэн бүхний анхаарлыг ихэд татна… …

….«Би ерөнхий сайдад итгэхээ больсон» хэмээх үгийг дахин хэлсү.

«Ил товчоо» сонины тусгай сурвалжлагч Л.ЭНХ-АМГАЛАН

Онгоцны ченж С.Отгонбаяр огцрох ч багадна

П.Жасрайн Засгийн газарт С.Отгонбаярын шахсан хулхи нисдэг тэрэг 14 хүний амь насанд хүрлээ

ИНЁГ-аас “үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж МИАТ-ын онгоцонд суугаарай. Cap бүр нэг онгоц сүйрч байгаа тул дуусахаас нь өмнө амжиж үйлчлүүлээрэй” гэсэн уриалга гаргасан хэмээх онигоо гарсан. Гэтэл МИАТ-ын онгоцноос түрүүлээд нисдэг тэрэг нь дуусчихлаа. Монгол улсын сүүлийн нисдэг тэрэг унахдаа ажил үүргээ гүйцэтгэж явсан, тангараг өргөсөн 14 албан хаагчийн амь насыг, тэдний аав ээж, эхнэр хүүхэд, ах дүүгийн сэтгэл зүрхийг авч одлоо. үүрэгт ажлаа хийж яваад амь үрэгдсэн албан хаагчдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлэе. Энэ аймшигт ослын талаар мэдээлэхгүй нууцлаж байгаа зарим мэдээллийг хүргэе.

Ослын буруутан нь С.Отгонбаяр

Энэ нисдэг тэрэг нь Жасрайн Засгийн газарт С.Отгонбаярын шахсан хулхи нисдэг тэрэг гэнэ. С.Отгонбаяр нь Монголын Засгийн газарт 500 саяар онгоц шахсан анхны хүн юм. Шахсан нисдэг тэрэг 14 хүний амь насанд хүрлээ. Гэтэл эрхэм сайд энэ онгоцоо “1500 цагийн нислэгийн нөөцтэй байсан” гээд байгаа. Тэр нөөцийг нь хэн тогтоосон юм. Бодвол өөрийнхөө шахсан онгоцыг сайн гэж батлах гээд байгаа бололтой юм аа. Энэ осол онгоцны муугаас болоогүй байлаа гэхэд С.Отгонбаярын муугаас болсон нь тодорхой байгаа билээ. Осол гарахад хүргэсэн гол хүн нь ОБЕГ-ын сайд С.Отгонбаяр. Тэр бороо орж байхад түймэр унтраалгах гэж хүмүүс явуулчихаад тэр онгоцоо буцаах тушаал өгөөгүй байна. Нөхцөл байдлыг үнэлж чадаагүйгээс ийм хэрэг болжээ. Хэрэв С.Отгонбаяраас арай дээр хүн байсан бол” бороо орж байна, манантай байна” гээд байхад онгоцыг буцаагаад дуудчих байв. Түүнд онгоц нисгэх, буцаах тушаалыг шууд өгөх эрх бий. Гэтэл тэр дараагийн сонгуулийн шоугаа бодож гал унтраасан баатар болох гээд жирийн хүмүүсийн амь насаар тоглоллоо. Холбоо тасарсан онгоцны талаарх мэдээллийг 30 гаруй цагийн дараа цацсан. Гэтэл аливаа ослын талаарх мэдээллийг нэг цагийн дотор зарлах ёстой байдаг гэнэ. Осол болсныг мэдээгүй гэж мэлзэж болох ч онгоц хоёр цаг тутам төв рүүгээ холбоо барих ёстой. Тэгэхээр энэ онгоц сүйрснийг ядаж 28 цагийн өмнө мэдэж болох байв. Холбоо тасраад 30 гаруй цагийн дараа нийтэд мэдээлсэн нь хариу нэхсээр байна.

Ослын газар юу болж байна вэ?

Сөнөсөн онгоцныхоо хажууханд амьд хэд нь гал түлж утаа гаргаад үхлээ хүлээж суусан байх юм. Уг нь цаг алдаагүй олсон бол амьд үлдэх хүмүүсийн тоо хамаагүй олон байх байжээ. Дарга нарыг бензин шатахуун энэ тэр гэж нааш цааш явж цаг алдсаар дөрвөн хоногийн дараа очиход найман хүн амьд байсан гэнэ. Тэдний нэг нь тусламж оройтсоноос нас барсан тул найм гэж байсан амьд хүний тоо удалгүй долоо болсон нь тэр. Нас барсан хүмүүсийн хувьд нүд хальтирам байсан аж. Зарим нэг нь онгоцондоо хавчуулагдсан гаргаж авч чадахгүй байгаа гэсэн. Онгоцны төмрийг тасдах гэтэл ямар ч багажгүй байсан учраас цогцосны хавчуулагдсан гарыг таслах тухай яриа ч гарчээ. Ослын газар дээр очсон аврагчид нүцгэн гараараа ноцолдож байгаа бөгөөд машины данхрад, лоом жоотуу нь хүрэлцэхгүй хэцүүхэн байна гэнэ. Бүхэл бүтэн улсын аврах алба ийм байх гэж байх уу даа.

С.Отгонбаяр, Н.Энхсайхан нараас онц ялгаатай үзэгдсэн тэд хэн байв?

Онгоцонд Онцгой байдлын ерөнхий газрын Удирдлагын газрын дарга Д.Батбаатар, Гал түймэртэй тэмцэх албаны дарга Г.Цэрэнням, Шүхрийн зааварлагч С.Дашбазар, Нисэн ажиглагч Д.Пүрэвдорж, Техникч Ж.Бадамжунай, Бүлгийн дарга С.Батдалай, шүхэрчин, гал сөнөөгч Э.Ариунсанаа, Г.Дуубаатар, Г.Лхагвасүрэн, Г.Баярмагнай, Ё.Эрдэнэцогт, Ц.Ганболд, Ц.Болд, Г.Ганжигуур, Х.Сүхбаатар, П.Цогжаргал, Т.Оргилсайхан, Л.Булган нарын нийт 22 хүн явсан байна. Тэдгээр хүмүүсийн дунд Тэрэлжид гарсан түймрийг унтрааж ирээд ямар ч амралтгүй, гэр бүлийнхэнтэйгээ уулзаж ч чадаагүй хүн, өмнө нь гал унтрааж хээр 30 гаруй хоног байхдаа хятад бэлэн хоол, зэрлэг сонгино идсээр ходоод нь муудаж, цагаан мах нь эргэсэн хүн ч байсан байна. Гал сөнөөгчид гэдэг гарцаагүй үхэлтэй нүүр тулгарах ажилтай хүмүүс мөн ч ахуй хангамж арай дэндүү муу байжээ. Аюултай улаан нүүрээр тулдаг ажилчид нь тиймэрхүү байдалтай байхад ард нь үлдээд мөнгө цохиж суудаг дарга сайдуудын өрөөг харсан ар гэрийнхэн нь хэлэх үгээ олж ядаж байсан. Онгоцны сүйрлээс амьд үлдэгсэд гурав хоногийн турш идэх хоол, уух ундгүй байсан байна. Бороо орж байсны хүчинд амаа чийглэж байсан байна. Холбоо мэдээлэл өндөр хөгжсөн XXI зууны Монголын Онцгой байдлын ерөнхий газрын гал сөнөөгчид дөрвөн хоног гал түлж утаа гаргаад, сөнөсөн онгоцондоо даавуу уячихаад сууж байсан байгаа юм даа. М.Энхсайханыг Алтай таван богдод авирч байхад хүн бүр шахам иридум утастай явж алхам бүрээ мэдээлж байсан. Тэр байтугай Их тэнгэр Саарал ордон хоёрын хооронд харуул хамгаалалтаар хүрээлүүлж, цэрэг цагдаагаар замаа засуулаад явахдаа машиндаа иридум утастай явдаг гэж байгаа. ОБ-ын сайд С.Отгонбаярын нохой хүртэл ийм утас хүзүүндээ зүүх нь холгүй байдаг гэсэн. Гэтэл тэр хөвч рүү түймэр унтраалгахаар хөөсөн 20 гаруй хүнд холбоо барих ганц ч сансрын утас өгөөгүйд олон хүн эгдүүцэж байна. Тэд онцгой үед амь насаа үл хайрлах тангараг өргөснөөс торгуулийн суманд орох ял хийгээгүй биз дээ.

Нас барсан хүмүүсийн нэр аль хэдийн тодорхой болсон ч нуусаар байжээ

ОБЕГ-ын үүдэнд дөрөв хоног уйлж, түгшиж, найдаж суусан 100 гаруй хүмүүсийн зовлонг эрхэм сайдууд харж бахаа хангав бололтой. Тэднийг аль болох удаан тэнд байлгаж олон дахин муу мэдээгээ сонсгож цурхируулав. Хамгийн сүүлд Н.Энхболд амь үрэгдэгсдийн нэрийг зарлахад үнэхээр зүрх шимшрэм байлаа. Нас барсан хүмүүсийн нэр аль хэдийн тодорхой болсон ч тэд хэлэхгүй байсаар шөнө болгожээ. Нэгэнт тийм явдал болсон байхад тэднийг тэнд тийм олон цагаар суулгаж, нэг итгэл найдлага төрүүлэн, найдлагыг нь таслан зовоох хэрэг юу байсан юм бол доо. Тэгээд Ерөнхий сайд амь үрэгдэгсэдийн нэрийг уишихдаа уйлж байгаа олон хүний дуунаас давах гэж дуугаа өндөрсгөөд байсныг харсан хүмүүс “аргагүй л тэнэг хүн юм аа” хэмээн толгой сэгсэрч байна лээ.

Эцэст нь: Онцгүй байдлын онгоцгүй сайд С.Отгонбаяр туйлын хариуцлагагүй ажиллаж олон хүний аминд хүрлээ. Цэрэгт ч явж үзээгүй онгоцны ченж энэ хүн нөхцөл байдлыг буруу үнэлж ийм гамшиг тарьсан. Түүний хувьд буруугаа үг дуугүй хүлээж ощрох ч багадна.

Х.УЯНГА. Дээдсийн хүрээлэн

www.factnews.mn

Нийтлэсэн: Админ

1 Comments

  • haramsaltai,M. Enkhsaihan uhsen humuusiin ner duudaad bugdiig ni uiluulj hayad garaad yavsan daa.Tsever darga nariin ajlaa meddeggui gai daa.

    Reply

Сэтгэгдэл үлдээх