Дэлхийн 14 хэлээр ярьдаг Монгол охин

 

Ой тогтоолтын дэлхийн аварга, дэлхийн 14 хэлээр ярьдаг монгол охин А.Янжаа. Тэрбээр Хятад улсын Хайкоу хотод зохиогдсон ой тогтоолтын  ДАШТ-д оролцож, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртжээ. Мөн тэмцээнд өрсөлдсөн багийнхаа гишүүдтэй аваргын цом гардсан байна. Өдгөө Стокгольм хотод амьдарч, тэндхийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж буй. Анх АНУ-ын ой тогтоолтын нэгэн аваргын амьдрал, амжилтын тухай өгүүлсэн ном уншсан нь түүнийг тууштай хичээллэхэд их нөлөөлжээ. Тэрбээр Швед улсад ой тогтоолтын тэмцээн болдог талаар интернэтээс судалж, улмаар өөрийгөө сорьж үзэхээр шийдсэн аж.

Дэлхийн хоёр удаагийн аварга найзынхаа зөвлөснөөр Германд бэлтгэл хийж, тэнд анхныхаа тэмцээнд оролцож чамлахааргүй амжилт үзүүлсэн нь урам зориг өгсөн гэдэг. А.Янжмаа хүний нэр тогтоолтын төрөлд 218 хүний нэр царайг 15 минутын туршид цээжилж, үүнээс 185 хүний нэр зөв тогтоосон амжилтаар дэлхийн аваргаас алтан медаль зүүжээ. Тэрбээр хүүхэд байхаасаа Шведэд амьдарч байгаа тул тус улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцсон байна.

Түүнтэй хамт тэмцээнд оролцсон багийнх нь хоёр гишүүн дэлхийн их мастерийн зэрэгтэй тамирчин аж. Тэд онооны нийлбэр дүнгээр дэлхийн аваргын болзол хангасан аж. Хүүхэд байхаасаа хэл мэдэхийг хүсдэг байсан нь хожим олон орны хэл сурахад эргэж буцахааргүй хөтөлсөн байна. 10 настайдаа анх франц хэл сонирхож, хэлний курст суралцсан нь өдгөө Швед, Англи, Испани, Итали, Герман, Бразилийн Португаль, Африкийн свахили, Япон, Хятад, Каталан, Папиаменту, Дани, Норвеги зэрэг улсын хэлээр ярьж сурах анхны алхам байжээ. Сүүлийн үед тэрбээр төрөлх монгол хэлээ сайжруулах зорилгоор ном их уншдаг болсон гэнэ.

www.unen.mn

Нийтлэсэн: Админ

Сэтгэгдэл үлдээх