“Оюутолгой” ХХК 50.300 тонн зэс үйлдвэрлэжээ

 

“Оюу толгой” ХХК өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа энэ сарын 20-ны өдөр танилцуулсан байна. Тус тайланд дурдсанаар нийт 50.300 тонн зэс (баяжмал дахь агууламж),  278.000 унци алт (баяжмал дахь агууламж) үйлдвэрлэсэн аж. Мөн 2015 онд Оюутолгой 175.000 – 195.000 тонн зэс (баяжмал дахь агууламж), 600.000 -700.000 унци алт (баяжмал дахь агууламж) үйлдвэрлэх төлөвтэй байгаа мэдээллээ.

Хүдэр дэх агуулга өндөр байсан учир металлын үйлдвэрлэл өмнөх улирлуудынхаас нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баяжуулах үйлдвэрт гал гарч үйлдвэрлэлийн хэмжээнд бага хэмжээгээр нөлөөлсөн хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн өнгөрсөн онд нийт 148.400 тонн зэс (баяжмал дахь агууламж), 589.000 унци алт (баяжмал дахь агууламж) үйлдвэрлэсэн бөгөөд маркетинг, ложистикийн ажиллагаа өнгөрсөн оны туршид сайжирсны зэрэгцээ дөрөвдүгээр улиралд борлуулалт жигд байсны  үр дүнд оны эцсийн байдлаар агуулах дахь баяжмалын нөөцийг зохистой хэмжээнд хүргэсэн байна.

“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй хэлэхдээ “Оюу толгой шинэ тутам бизнес хэдий ч 2014 онд бүтэн жил тасралтгүй үйлдвэрлэл явуулсан анхны жилээ амжилттай үдэж, ахиц дэвшилтэй ажиллалаа. Бэрхшээл сорилт багагүй энэ оныг Оюу толгойн хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлж, борлуулалтыг нэмэгдүүлсэн үзүүлэлттэй дуусгаж байна.

Ингэснээр бид энэ онд буй болсон өсөлтийг хадгалж, үр ашгийг нэмэгдүүлэх бололцоотой болохын зэрэгцээ Оюу толгойн бүх оролцогч талуудад үр өгөөжөө өгөх, аюулгүй ажиллагааг эрхэмлэсэн, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэр болох замд гаргана гэдэгт бат итгэж байна” гэв.

 

www.mass.mn

Нийтлэсэн: Админ

Сэтгэгдэл үлдээх