Зөвхөн хуульд л захирагддаг, хулгайчдыг гэсгээх Ерөнхий прокурор Монголд хэрэгтэй

5094d1_erunhii-prokuror_x320

Н.Алтанхуяг Ерөнхий сайдын баруун гар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа Монголд ямар ч хямрал энэ тэр болоогүй хэмээн тас гүрийгээд байсан Ч.Сайханбилэг төрийн тамга атгасан анхны өдрөө эдийн засгийн хямрал жинхэнээрээ нүүрэлсэнийг хүлээн зөвшөөрч баахан муу амласан. Тэрбээр Н.Алтанхуягийн засгийн газартаа ажиллаж  байсан бол гүрийсээр, гүлдийсээр дуусах байж дээ янз нь. Ядаж үнэнийг хагас хугас болтугай хэлсэн  нь Н.Алтанхуягийн ар хударгаар хор найруулсаны төлөөс байх.

Монгол төрийн данс улайсаныг мэдэгдсэн Ч.Сайханбилэг ерөнхий сайд хэмнэлтийг хамгийн түрүүнд доороос нь эхлэхээр шийдэв. Нэгэнт хямрал нүүрлээд байгаа тул эхчүүд, эмэгтэйчүүдийг ээмэг бөгжөө мулт татаж, улсдаа тушаахыг лүндэгнэсэн.  Дараа нь олон хүүхэдтэй эхчүүдийн одонгийн мөнгийг хуу хамж, хүүхдийн мөнгийг ч үлдээлгүй танахаар болов. Муу эр хүүхэд эмэгтэйчүүдэд бяраа гаргана гэж энэ. Олигархиудын барьцаанд орсон түүнд өөр сонголт байгаа гэж үү.
Гэвчиг өнөөгийн эдийн Засгийн хямралыг хүүхэд эмэгтэйчүүд бий болгоогүй. Монголд нүүрэлсэн хямрал дээдчүүдийн уйвагүйтлээс эхтэй болохоос жирийн иргэд бол падлий ч байхгүй. Нийгэмд шударга бусын үрийг эхчүүд эмэгтэйчүүд бус ихэс дээдэс л тарьсан шүү дээ. Тиймээс гэсгээл хүртэх ёстой хүмүүс нь төрөөс төрсөн тэрбумтанууд болохоос биш, олон хүүхэдтэй ээжүүд лав биш.
Манай ерөнхийлөгч ард түмэнтэйгээ амь нэгтэй. Тиймээс биднийхээ зовлонг бага ч болтугай ойлгож, ард түмэн бүсээ чангалахын оронд төр засгийн томчууд өөрсдөө л бүсээ чангалмаар байна хэмээн урайлсан нь нүдээ олсон уриалга. Одоо цааш нь үргэлжлүүлээд ард түмэнтэйгээ жинхэнээсээ амь нэгтэйгээ харуулаад явчих хэрэгтэй байна.
Хямралаас гарахын тулд наад зах нь энэ олон гэмтнүүдийг, төрөө төрсөн тэрбумтануудыг шударгаар гэсгээгээд өгөх хүн хэрэгтэй байна ерөнхийлөгчөө. Ор нь гарсан Ерөнхий прокурорын суудалд өөр өөрийн хүнээ тавихаар улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд хөнжилдөө орох завгүй хөлхөлдөн тэмцэлдэж буй. Хэрвээ урьдынх шигээ улс төр, эдийн засгийн олигархиудын нөлөөний хүнээр хууль цааз, шударга ёсыг сахиулах Ерөнхий прокуророо тавьчих юм бол хүрд урьдынхаараа буруу эргэж хямрал улам л гүнзгийрнэ. Монголд өөрийгөө золиосолж, шударга ёсыг авчрах хүн хэрэгтэй байна. Түүнээс биш хөрөнгөлөг, мөнгөлөг хүмүүсийн гар хөл болсон төрийн албан хаагчид шиг хэрэггүй юм алга.
Энэ хүнд цагт Монгол улсын  Ерөнхийлөгч цаашдын улс төрийн карьер, сонгууль монгулиа мартаад, эх орон тусгаар тогтнолоо бодоод Улсын Ерөнхий прокурорыг ард түмнээрээ хэлэлцүүлээд сонгочихмоор байна. Зөвхөн хуулинд захирагддаг прокурортой болж байж бид хулгайч нарын хагас хугасаас болов салж, яс амрахгүй бол нуруу тэнийхгүй нь. Энэ олон хулгайч нар дэндлээ. Төрийн хөрөнгийг хулгайчдын савраар гоожуулсаар байгаад эцэс сүүлдээ ард түмнийхээ ээмэг бөгжийг, хүүхдийн сүүний мөнгийг  мултлахдаа туллаа. Тусгаар тогтнолд маань аюул нүүрлэж байна. Улсаа босгож авъя гэвэл шударга ёсны гэрлийг асаах хэрэгтэй байна. Түүнээс биш мянган хэмнэлт зарлаад нэмэр алга. Мөнгөтэй байгаад ч хэрэг алга. Хулгайчид хаа сайгүй үүрлэчихсэн байхад…

 

эх сурвалж:            http://www.tovchoo.mn

Нийтлэсэн: Админ

Сэтгэгдэл үлдээх