“Оюуны ундраа”-гийн 4,5 тэрбумын “авлига”

45596255460afff52f6a41

Олон тэрбумын дуулиант хэргүүдийн дэргэд “Оюуны ундраа”-гийн 4,5 тэрбумын бэлэг авлигын шинжтэй болохыг өөрсдөө улам бүр баталсаар байна. Юу гэвэл, хоёр жилийн өмнө буюу 2011 онд Швейцарь улсын иргэн Армин Виедеркер гэгч Тээвэр хөгжлийн банкны 51 хувь буюу 4,5 тэрбум төгрөгийн хувьцаагаа “Оюуны ундраа” ХХК-ийн ерөнхий захирал С.Амарсайханд зүв зүгээр бэлэглэсэн байдаг.  Дэлхийн толгой тэрбумтан Билл Гейтс ч ийм өгөөмөр биш. ХаринС.Амарсайхан бол НИТХ-ын тэргүүлэгч бөгөөд МАН-ын өсч яваа гишүүдийн нэг боловч өмнө нь В.Арминтай найз нөхөд, ажил төрлийн ямар нэгэн холбоотой байсангүй. Гэхдээ “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэдэг үг бий.

Канадын иргэн мистер Флинээс хойш 14 жилийн дараа Монголд хөл тавьсан орос цусны эр В.Армин Тээвэр хөгжлийн банкыг 100 сая ам.долларын актив хөрөнгөтэй болгоно хэмээн 2006 онд 3,0 саяын хөрөнгө нэмэрлэж, тус банкны 51 хувийг эзэмшжээ. Тэгэхдээ гүйцэтгэх удирдлагыг өөртөө авч, ОХУ-ын иргэн А.Е.Новожиловыг захирлаар тавьсны дараа 12 тэрбум төгрөг буюу оруулсан хөрөнгөө гурав дахин нугалаад гадаадад гаргаж амжсан. Энэ булхай луйвар нь илэрч, Монголын хуулийн байгууллагаар шалгагдаж эхлэнгүүт тэр хилийн дээс давж, харин гүйцэтгэх захирал А.Е.Новожилов Ганцхудагийн урьдчилан хорих төвд саатуулагдав. Мэдээж А.Е.Новожиловыг долоон булчирхайгаа тоочихоос тэр үхтэл айж байлаа. Иймээс түүнийг ямар нэгэн аргаар Монгол Улсын хилээр гаргах нь амин чухал байж.

Аль ч улсын хуульд нэгэн энэрэнгүй заалт байдгийг иймэрхүү юманд гаршсан этгээдүүд андахгүй. Тухайлбал, манай улсын Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлд “Монгол Улсын иргэнийг эрүүгийн хэрэгт мөрдүүлэх буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр гадаад улсад шилжүүлж өгөхгүй” гэсэн лугаа заалт (Хар тамхи, мансууруулах бодис, хүний наймаа, мөнгө угаах болон терроризмын хэргээс бусад тохиолдолд) Швейцарийн ч, ОХУ-ын ч хуульд бий. Хуулийн энэ заалтыг дөрөөлж гаршсан этгээд бол Монголд “Оюуны ундраа” компани гэдгийг В.Армин гадарласан бололтой. Яагаад гэвэл, тус компани 90-ээд оны эхээр ОХУ-аас Ми-8 нисдэг тэргийг хууль бусаар хил давуулан оруулж ирээд хариуцагч нь В.Баяминов гэдэг буриад эр хилийн цаана байгаа, Багануурын ДЦС-ын хуудуудуутай хувьчлалаа мөн л ОХУ-ын “МААТ” гэдэг компаниар халхавчлаад уснаас удаа дараа хув хуурай гарч байсан юм.

2010 онд Тээвэр хөгжлийн банкнаас Нийслэлийн прокурорын газарт А.Е.Новожиловыг хилээр гаргуулахгүй байх тухай хүсэлт хүргүүлснийг хяналтын прокурор нь хэрэгжүүлэхээ мэдэгдсэн ч харамсалтай нь хэдхэн хоногийн дараа орос захирал Дорнодын Эрээнцавын хилийн боомтоор гарсан байдаг. Өмнө нь мөн оны дөрөвдүгээр сард Армин Виедеркер, С.Амарсайхан нар Тээвэр хөгжлийн банкны 51 хувийн хувьцааг дөрвөн тэрбум 280 сая төгрөгөөр “Худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулж, төлбөрийг хоёр хуваан барагдуулахаар заажээ. Сүүлчийн төлбөр 568 саяыг мөн оны наймдугаар сард төлөхөөр тусгасан нь А.Е.Новожиловыг оргуулсан цаг хугацаатай яг давхацдаг. 2011 онд дээрх гэрээний биелэлтийн тухай В.Арминий ирүүлсэн англи хэл дээрх тодорхойлолтод “төлбөрийн үүргүүд нь гэрээний дагуу биелэгдсэн болохыг үүгээр баталж байна” гэжээ. Харин “Юуны ундраа”-гийнхан “төлбөрийг бүрэн төлж барагдуулсан нь үнэн болохыг тодорхойлов” хэмээн орчуулсан байв.

Хуулийн дагуу бол энэхүү томоохон наймааны ард хоёр тал багагүй хэмжээний татвар төлсөн байх учиртай. Гэтэл “Оюуны ундраа” компанийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөлтийн мэдээг 2005-2014 оны байдлаар нягталбал, улсад жилд дунджаар 500 сая орчим төгрөгийн (дээд тал нь 10 241 500, доод тал нь 200 000) татвар төлж байжээ. Мөн их хэмжээний гадаад гүйлгээ хийгдэж байгаагүй болохыг ХААН, Капитрон, Голомт, ХАС, Улаанбаатар, Хадгаламж, Чингис хаан, Тээвэр хөгжил, Төрийн болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкны тодорхойлолт тус тус баталж байна. Иймээс Худалдах, худалдан авах дээрх гэрээ хуурамч болох нь илэрсний дараа хоёр тал “Бэлэглэлийн гэрээ” байгуулсан гэж одоо хүртэл зүтгэсээр байгаа юм.

Хаана, ямар хэл дээр, хэдэн хувь үйлдсэн нь үл мэдэгдэх Бэлэглэлийн гэрээ гэгчийг В.Армин, С.Амарсайхан хоёр 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулжээ. Ганцхан жил гаруйн өмнө хэрэгтний ширээнд суухын даваан дээр байсан энэ харь эр Тээвэр хөгжлийн банкны 51 хувийн хувьцаа эзэмшдэг “Инфрастракчер” компаниа С.Амарсайханд зүв зүгээр бэлэглэчих хүн яавч биш ажээ. Тэгээд ч төрийн албан хаагчийн цалин орлогоосоо хэдэн зуу дахин давсан энэ том бэлгийг зүв зүгээр авах хууль эрх зүйн үндэс ч “Оюуны ундраа” ХХК-ийн ерөнхий захирал, НИТХ-ын тэргүүлэгч С.Амарсайханд байхгүй. Тэгэхээр 4,5 тэрбумын гэнэтийн бэлгийг авлига гэж үзэхээс өөр аргагүй. Одоо тэр “Инфрастракчер компанийн гүйцэтгэх захирлын албыг давхар хашиж байна.

“Оюуны ундраа” компанийг үүсгэн байгуулж, хөл дээр нь босгосон Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр экс Ерөнхий сайдын зөвлөх байхдаа, өмнөх Ерөнхийлөгчийн захиалгаар надад хэрэг тохож байсан. Би Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавт хандсан, хариуцлага тооцохгүй байгаа. Тэгэхээр прокурорын байгууллага одоо ч хууль завхруулдаг хэвээрээ л юм байна гэв. Мөн АТГ, шүүх, прокурор тодорхой хүчний захиалгаар намайг зохиомол хэрэгт унагах зорилт тавьж ажиллаж байсан гэсэн нь шүүхэд Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн шинэчлэл, АТГ, прокурорын байгууллагад ажлын шинэ арга барил үгүйлэгдэж байгаа хэрэг бус уу.

 

Эх сурвалж:  http://www.bataar.mn

Нийтлэсэн: Админ

Сэтгэгдэл үлдээх