Манай бөхчүүд “Алтан гран при”-д хүч үзнэ

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” болон И.Ярыгиний цомын төлөө хүнд жингийн бөхчүүдийн олон улсын тэмцээн ХХҮI дахь удаагаа ОХУ-ын Красноярск хотноо энэ сарын 23-25-ны өдрүүдэд болно.  Энэхүү тэмцээнд хүч үзэх Монгол Улсын чөлөөт бөхийн баг тамирчид Красноярскийг зорьсон. Манай эмэгтэй шигшээ багийн тамирчин Э.Нарангэрэл, Э.Даваачимэг, С.Бямбацэрэн, Э.Сумьяа, Т.Мөнхтуяа, С.Батцэцэг, О.Насанбурмаа, Ш.Түмэнцэцэг, О.Бурмаа нарын есөн тамирчин ОХУ-ын Буриад улсын эмэгтэй шигшээ багийн урилгаар Улаан-Үд хотод 10 өдрийн хамтарсан цугларалт хийсэн. Тэд гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, Т.Сүхбаатар нарын удирдлага дор тэмцээнд оролцоно. Мөн “Цастын барс” клубээс дасгалжуулагч Д.Батням болон Б.Шоовдор /эмэгтэй 58 кг/, С.Наранцэцэг /эмэгтэй 60 кг/, Б.Далайбаяр /эрэгтэй 57 кг/, Б.Өсөхбаяр /эрэгтэй 61 кг/ нарын дөрвөн бөх тэмцээнд зорьсон байна.  Түүнчлэн олон улсын шүүгч Б.Болормаа, Б.Төмөрбаатар, С.Чинбат нар шүүгчээр оролцох аж. Энэ тэмцээнд манай бөхчүүд 1990 оноос хойш алгасахгүй оролцож энэ хугацаанд 1991 онд Л.Сэргэлэнбаатар, 1999 онд О.Пүрэвбаатар, 2011 онд Д.Отгонцэцэг, 2013-2014 онд О.Бурмаа нар алтан медаль хүртэж байжээ.  Ирэх баасан гариг буюу тэмцээний эхний өдөр эрэгтэй 57 кг, 74 кг, эмэгтэй 53 кг, 58 кг, 60 кг, 69 кг-ын жингүүдийн аваргууд тодрох бол 24-ны бямба гаригт эрэгтэй 61 кг, 65 кг, 70 кг, эмэгтэй 48 кг, 55 кг, 63 кг, 76 кг-ын жингүүдийн барилдаан болно. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй 86 кг, 97 кг, 125 кг -ын жингүүдийн барилдаан болох хуваарь гарчээ. И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд болох энэхүү тэмцээнд ОХУ-ын бөхчүүдээс гадна Армян, Беларусь, Казахстан, Киргиз, Латви, Молдав, Монгол, Тажик, Узбек, Япон зэрэг 15 орны бөхчүүд өрсөлдөх юм байна.

http://sharsonin.mn/

Нийтлэсэн: Админ

Сэтгэгдэл үлдээх