Төсвийг хэрхэн сайжруулах вэ?

УИХ энэ долоо хоногт багтаан Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг батлах чиг барьж эхэллээ. Засгийн газар энэ оны төсвийн хуулийг боловсруулахдаа өмнөх Засгийн газрын үед үүссэн өрийг барагдуулах, шинээр бүрдсэн Засгийн газрын танхимын бүтэц, бүрэлдэхүүнд зохицуулж төсвийг уях зэрэг хэд, хэдэн зарчим барьсан юм. Гэвч гишүүд төсвийн хуулийг илүү чамбайруулах шаардлага байгааг хэлж байна.

“Татаас, урамшууллыг байхгүй болгоно”

УИХ-ын дарга З.Энхболд:-“57 агентлаг, улсын үйлдвэрийн газар, төвүүдийг дуудлага худалдаагаар зарах буюу цомхотголд оруулж, дахиж төсвөөс мөнгө өгөхгүй. Арьс, шир, ноос, ноолуур, үр тарианы татаас, урамшууллыг байхгүй болгоно. Ингэж байж зөв болно. Хуучин шигээ амьдрах бололцоогүй болсон. Засгийн газар юу ч оруулж ирж болно, өөрчлөх эрх нь УИХ-д бий.

Арван жилийн өмнө төрийн албан хаагчийн тоо 124 мянга байсан, одоо 180 мянгад хүрсэн. Сүүлийн арван жил  АН, МАН-ынхан Засаг барихдаа хийсэн ажлын үр дагавар юм. Төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр тасарсан учраас түүнтэйгээ зохицож амьдрахаас өөр арга байхгүй.


“Валютыг тооцдог аргачлалтай болох ёстой”

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:- Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулсан учраас яамд төсөвгүй болчихоод байна гэдгээр төсвийн тодотголд хандаж болохгүй, согогуудаа засах ёстой. Төсвийн бодлогын реформыг хийх ёстой байсан. Тухайлбал, улсын төсвийн төсөөллийг боловсруулахдаа валютыг тооцдог аргачлалтай болох хэрэгтэй шүү гэдгийг УИХ-ын гишүүд их олон удаа хэлсэн. Төсвийн тодотголыг оруулж ирэхэд аргачлалтай болох ёстой байсан юм. Гуравдугаарт, төсөвт өрийн маш их ачаалал ирж байна. Энэ удаад 260-аад тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн асуудал орж ирж байгаа бол ирэх оны төсөвт 700 гаруй тэрбум төгрөгийн зардал орж ирж байсан. Эдгээр асуудлыг нухацтай хэлэлцэж, бодлогоо тодорхой болгохгүй бол төсвөөсөө хөрөнгө оруулалт хийж чадахгүй зээлээ төлдөг болох эрсдэл хүлээж байна. Засгийн газар УИХ-даа бодлогын сонголт хийх боломжийг олгох ёстой.


“Дэд сайдыг цомхотговол зөв жишиг тогтоно”

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:- Төсвийн орлого хүнд байгаа учраас хэмнэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Гэхдээ намууд Засгийн газарт хамтарснаар хэмнэлт хийхийг хүсэхгүй байна.  Өнөөдөр дахиад л “бялуу”-гаа хуваагаад дэд сайдын суудлаа яриад сууж байна. Биднийг тийм зүйл яривал “биеэ үнэллээ” энэ тэр гээд сүйд болно. Өөрсдөө бол ичих нүүргүй суудлаа булаацалдаж байна. Уг нь дэд сайдыг цомхотгох хэрэгтэй байсан юм. 2015 оны төсвийн төслийг боловсруулахдаа дэд дарга нарыг цөөлсөн. Гэтэл дэд сайдаа цомхотгохгүй, хэмнэлтээ бүрэн утгаар нь хийхгүй байна. Хэрвээ дэд сайдыг цомхотговол цаашдаа зөв жишиг тогтоно.


“Эдийн засгийн бодит байдлаа дүгнэх шаардлага байна”

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:-Монгол Улсын Төрийн сан өнөөдрийн байдлаар -717 тэрбумын үлдэгдэлтэй, Засгийн газрын дотоод өр 2.4 их наяд, нийт  3.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнтэй холбогдуулж МАН-ын бүлэг Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, санхүү, эдийн засгийн байдалд бодит дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзсэн. Мөн “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкны зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөр, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтыг ил тод болгох чиглэлээр ажлын хэсэг байгуулах санал гаргаад байна.


“Төсвийг бодитой тооцоолох хэрэгтэй”

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг:-2014 оны төсвийн тодотголын нөхцөл байдлыг ойлгож байна. Энэ оны хөөсөрсөн төсвийг цэгцлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ирэх жилүүдэд нөлөөлнө. Хамтарсан давуу талаа ашиглаа төсвөө бодитой тооцоолох хэрэгтэй. Ингэхгүй бол бие бие рүүгээ долоовор хуруугаа гаргах болно.

 


“Бид буруу яваад байна”

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:- Царцаасан, төсөв хөрөнгө дутуу байгаа. Боломж, бололцоо байсаар байтал бид буруу яваад байна. Татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байранд 150 хүүхдийн ортой эмнэлэг байгуулах гэнэ. Тийм байж болохгүй. Эмнэлгийн барилга гэдэг чинь тусдаа стандарттай байдаг юм. Олон жилийн насжилттай яамны байранд эмнэлэг байгуулж болохгүй. Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа. Төрийн тусгай хамгаалалтай газрын эмнэлгийг  Хүүхдийн эмнэлэг болгох ёстой.

 

Эх сурвалж: News.mn

Нийтлэсэн: Админ

Сэтгэгдэл үлдээх