Хөгжлийн банк 300 сая доллар зээллээ

Дэд бүтэц, барилга, үйлдвэржилт, эрчим хүч зэрэг томоохон төслийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөгжлийг түлхүүрдэх үүрэгтэйгээр байгуулагдсан Хөгжлийн банк Швейцарийн Кредит Свисс, Японы Сумитомо Мицуи зэрэг олон улсын арилжааны таван банкнаас хөрөнгө босгох үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан байна. Тус банк өчигдөр Швейцарийн Кредит Свисс, Японы Сумитомо Мицуи зэрэг банкны удирдлагуудтай хамтран зээлийн гэрээнд гарын үсэг зуржээ.

УИХ болон Засгийн газрын тогтоолын дагуу тээвэр, барилга хот байгуулалт, эрчим хүч, уул уурхай зэрэг эдийн засгийн голлох салбарт Хөгжлийн банк тодорхой хэмжээний санхүүжилтийг гаргах үүрэгтэй. Гэхдээ эдгээр төслүүдэд үлдэгдэл санхүүжилтийг олгох мөнгө байхгүй болсон талаар эх сурвалж мэдээлсэн. Тухайлбал, Чингис бондоор хэрэгжүүлж байсан дэд бүтэц, барилга, эрчим хүчний томоохон төслүүдийг санхүүжүүлэх нэмэлт санхүүгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх шаардлагатай болсон учраас дээрх 300 сая долларыг зээлээр авч байгаа юм байна. Энэ зээлийн батлан даалтыг Засгийн газар гаргаж байгаа ажээ.

Швейцарийн Кредит Свисс, Японы Сумитомо Мицуи зэрэг банкнаас зээлсэн 300 сая долларын зээлийн хугацаа нь долоон жил гэнэ. Энэ мөнгийг зөвхөн стратегийн ач холбогдол бүхий эрчим хүчний салбар, үйлдвэрлэл /экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэл/, дэд бүтэц /зам, төмөр зам, байгууламжууд/, уул уурхай салбаруудад нэмэлт санхүүжилт хэлбэрээр олгох юм байна. Ялангуяа уул уурхайн гол төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ зээл нь Хөгжлийн банкны аввч байгаа анхны сендикат зээл гэдгийг тус банкны удирдлагууд онцолсон юм.

Хөгжлийн банк өмнө нь Сү.Батболдын Засгийн газрын үед олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон 580 сая долларын зээлийг ирэх 2017 оноос буцаан төлөх юм. Таван жилийн хугацаатай энэ бондыг жилийн 5.75 хувийн хүүтэйгээр олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын ING, Deutsche Bank, HSBC банкуудтай хамтран арилжаалсан билээ. Мөн 2017 онд олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон Чингис бондын 500 сая долларын зээлийн буцаан төлнө. Тиймээс энэ өрийг төлөх хөрөнгийг ирэх оны улсын төсөвт нөөцлөх ёстой хэмээн эдийн засагчид зөвлөж байгаа юм. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан манай улсын зээлжих зэрэглэл буурч байгаа хэдий ч олон улсад Монголыг гэх сонирхол, ялангуяа уул уурхайд хөрөнгө оруулалт хийх хүсэл гадныханд байгаа талаар ч Швейцарийн Кредит Свисс банкны төлөөлөгч хэлсэн.  Энэ мөнгөний эхний ээлж нь өнгөрсөн есдүгээр сард Хөгжлийн банкны дансанд орсон билээ.

Эх сурвалж: News.mn

Нийтлэсэн: Админ

Сэтгэгдэл үлдээх