“Ахмад үеийнхнийгээ баярлуулцгаая” үзэсгэлэнд залуусыг идэвхтэй оролцохыг уриаллаа

ab6a31d8f5ecc89aoriginalМонголын хэрэглэгчийн эрх, боловсролын холбооноос  Улс тунхагласны 90 жилийн ойн баярт зориулж “Ахмад үеийнхнийгээ баярлуулцгаая” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. Тус холбооноос энэхүү ажилдаа аж ахуй нэгж, хувь хүмүүсийг тэр дундаа залуусыг идэвхтэй оролцохыг уриалж байгаа юм.

“Ахмад үеийнхнийгээ баярлуулцгаая” арга хэмжээний талаар Монголын хэрэглэгчийн эрх, боловсролын холбооны тэргүүн Б.Цэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ахмадууд руу чиглэсэн үзэсгэлэнгийнхээ талаар иргэдэд ойлголтой өгөхгүй юу?
-Энэ сарын 6-ны 11.00-18.00 цагийн хооронд “Ахмад үеийнхнийгээ баярлуулцгаая” үзэсгэлэн худалдааг Монголын хэрэглэгчийн эрх, боловсролын холбооноос зохион байгуулах гэж байна. Энэ өдөр аав, ээж, эмээ өвөө гээд танидаг хүндэтгэдэг ахмад хүмүүсээ баярлуулцгаая гэж залуучууддаа уриалмаар байна.  Энэ үйл ажиллагааг нийт залуучууд, дунд үеийнхэн маань дэмжих байх.  Өрөөр хэлбэл, энэ сарын 6-н буюу хагассайн өдөр залуучууд, дунд үеийнхэн маань аав, ээж, эмээ, өвөөгийнхөө дуртай зүйлсийг худалдан авч өгч баярлуулаасай гэж хүсч байна. Зөвхөн цагаан сараар очих биш нэг өдөр чин сэтгэлээсээ зорьж очиж баярлуулаасай. Хөдөө орон нутгийн иргэд маань ч гэсэн ахмадуудыг баярлуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцоосой.

Үйл ажиллагааны маань гол цөм нь буюу үзэсгэлэн Тусгаар тогтнолын ордоны нэг давхарын зааланд болно. Үзэсгэлэнд монголын үйлдвэрлэгчид болох “Өгөөж”, “Мах импекс”, “Сүү” ХХК, “Батбайгаль”,  “Талх чихэр”, “Монос хүнс” зэрэг байгууллагууд хямдралтай, амталгаатай, сугалаатай худалдаанууд  зохион байгуулна.

Энэ үед нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн ахмад үеийн төлөөлөлд бүтээгдэхүүнийхээ дээжийг гардуулж өгнө. Тэгэхээр нийт хүмүүсийг үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцоосой гэж уриалахаас гадна, тухайн өдөр уг арга хэмжээнд оролцох боломжгүй байвал ахмадуудыг баярлуулаасай гэж онцолмоор байна.

-Энэ арга хэмжээ жил болгон зохион байгуулагдах юм уу?

-Ер нь уламжлал болгон зохион байгуулна.

-Уг нь Ахмадын өдөр, Цагаан сар гэж байгаа биз дээ?
-Ахмадын өдөр байгууллагын хавтгайлсан уламжлалт арга хэмжээ болчихоод байгаа. Би бол залуучууд, дунд үеийнхнийг өөрийнхөө ойр дотны ахмадуудыг баярлуулаасай л гэдгийг уриалаад байгаа юм.

“Ардын хөгжил төв” ТББ-ын тэргүүн Г.Батсайхан: Бид энэ өдөр Монголын уран сайхны кинонуудыг үнэ төлбөргүй үзүүлнэ

Г.Батсайхан “Манай төрийн бус байгууллагын гол зорилго бол улс орны хөгжилд эдийн засаг, том бүтээн байгуулалт гэдгээс илүүтэй хүний хөгжил хэрэгтэй гэж үздэг. Үүнийхээ хүрээнд Монголын хэрэглэгчдийн эрх, боловсролын холбоотой хамтарч уг үзэсгэлэнг  зохион байгуулж байна. Манай байгууллагын гол үүрэг бол залуучууд руу чиглэсэн ажилд түлхүү оролцох юм. Тиймээс Тусгаар тогтнолын ордоны 800 гаруй суудалтай танхимд үнэ төлбөргүй кино гаргахаар болсон. Өөрөөр хэлбэл, ахмадууд руу чиглэсэн энэ өдөр бид сүүлийн үеийн Монголын уран сайханы кинонуудаас үнэ төлбөргүй гаргах ажилд идэвхийлэн оролцож байна. Хамгийн гол нь залуучууд цагаа зөв боловсон өнгөрөөх, цаашлаад нийгмийг уриалсан олон нийтийн иймэрхүү арга хэмжээнд сэтгэлээрээ оролцох хэрэгтэй байна гэдгийг онцолмоор байгаа юм. Ер нь залуус түүхээ, ахмад үеэ хүндэлж байвал бидний цаашдын хөгжилд маш том түлхэц болно гэж ойлгож байна” гэв.

24tsag.mn

Нийтлэсэн: Админ

Сэтгэгдэл үлдээх